“Кансат-2016” олон улсын уралдаанд “Исатком” компани ивээн тэтгэгчээр оролцлоо

ByZoloo

“Кансат-2016” олон улсын уралдаанд “Исатком” компани ивээн тэтгэгчээр оролцлоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг “Кансат” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн пүрэв гарагт Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд болсон юм. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уг уралдаан энэ жилээс олон улсын чанартай болж өргөжин, Туркийн АПИС болон Индонезийн ГАРУДА багийн тамирчид урилгаар оролцож, МУИС-ийн НУМСАТ-1, НУМСАТ-2, ШУТИС-ийн SICT-1, SICT-2, GIANT-1, GIANT-2, БХИС-ийн “Тэнгэрийн харуул” багийнхантай авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад зохион байгуулж буй “Кансат” тэмцээн жил ирэх тусам өргөжин, чанаржиж байгаа. Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуусыг сансар судлалд сонирхолтой, энэ чиглэлийн боловсролтой болгох, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах үйлсэд татан оролцуулах, сансрын инженерчлэлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх нь “Кансат” уралдааны зорилго юм” хэмээн онцоллоо.
Мөн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Сансар судлалын орон зайг энхтайвны зорилгоор ашиглаж, гишүүн орныхоо сансар судлалын судалгаанд дэмжлэг үзүүлэх нь манай байгууллагын зорилго бөгөөд Монгол Улсад ийм төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж буй нь бидний зорилготой нийцэж байгаад баяртай байна” гэж уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эгемэн Озалп ярив.

Энэ тэмцээнд Турк улсын Истанбул техникийн их сургуулийн АПИС баг 88 оноогоор тэргүүлж, Индонезийн ГАРУДА, МУИС-ийн НУМСАТ-1 баг удаалав. Мөн БХИС-ийн “Тэнгэрийн харуул”, ШУТИС-ийн GIANT-2 баг гуравдугаар байр эзэлсэн юм. Тусгай байрт ШУТИС-ийн SICT-1 баг шалгарлаа.
Тэмцээнд “DDishTV”, “МонКабель”, “NewTerravox”, “Isatcom” компани ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Эх сурвалж: www.cita.gov.mn

About the Author

Zoloo editor

Хариу үлдээх